"АЛТАН ГАДАС" ОДОНТ БАЯНХОНГОР АЙМГИЙН БААЦАГААН СУМ
ЗАРЛАЛ
Хатан Сэврэй нутгаа хамтдаа хөгжүүлье. Бид та бүхэндээ сумын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ил тодоор хүргэж байхаар энэхүү вэбийг бүтээн танд өргөн барьж байна. Хатан Сэврэйчүүддээ энэ өдрийн мэнд хүргэе. Тарган тавтай сайхан хаваржиж байна уу. Сумын вэбээр зочилж байгаа танд баярлалаа
Түүхэн товчоо, замнал

Одоогийн Баянхонгор аймгийн Баацагаан сум нь эрт дээр үеэс олон аймаг хошуунд харьяалагдан нэр нь солигдож иржээ. Засаг захиргааны түүхэн жагсаалт: -Сайн ноён хан аймаг 1725-1910 онд Халхын Сайнноён хан аймаг 1911-1920 онд Богд Хант Монгол улсын Сайнноён хан аймаг 1923 оноос БНМАУ-ын Цэцэрлэг мандал уулын аймаг-Засгийн хүшуу буюу Дархан гүний хошуу 1713 оноос халхын Түшээт хан, 1725 оноос Халхын Сайнноён хан аймгийн Засгийн хошуу 1913-1921 онд Халхын Сайнноён хан аймгийн Дархан гүний хошуу 1923-1924 онд Цэцэрлэг мандал аймгийн Гучин уулын хошууны Цагаан нуур сум 1925 оноос Цэцэрлэг мандал аймгийн Баянхонгор хайрхан уулын хошууны Цагаан гол сум 1931 оноос Өвөрхангай аймгийн Цагаан гол сум 1934 оноос Архангай аймгийн Баянцагаан гол сум 1940 оноос Говь-Алтай аймгийн Баянцагаан гол сум болсон байна.

1921 оны ардын хувьсгалаас өмнө Халхын Сайн ноён хан аймгийн Дархан гүний хошуу гэж нэрлэгдэж байжээ. 1924 онд Цэцэрлэг мандал аймгийн Гучин уул хошуунд Цагаан нуур сум байгуулагдсан нь өнөөгийн Баацагаан сумын үүсэл байлаа. 1924 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Дархан гүн Б.Равдандоржийн хошуунд нутгийн захиргааг байгуулан Дархан гүний хошуу гэж нэрлэх болсон байна. 1925 онд Гучин уулын хошууг (Энэ хошууны Цагаан нуур сум нь одоогийн Баацагаан сум) Баянхонгор Хайрхан уулын хошуунд нэгтгэсэн байна. 1929 оны 9 дүгээр сарын 30-нд Цагаан нуур суманд МАНамын 571 дүгээр үүр байгуулагдав.

1930 онд одоогийн төвөөс урагш 5 км орчим зайтай “Үхэг хашаат” гэдэг газарт сумын алба монгол гэрт ажлаа явуулж байжээ. 1935 оноос Сумын төв Баянсайр хэмээх энэ газарт төвлөрсөн байна. 1937 оны хавар соёлыг дэлгэрүүлэх сумын Улаан гэр, 1938 оны 06 дугаар сарын 25-нд сумын Хүн эмнэлгийн салбар, 1938 оны намар Сумын мал эмнэлгийн бага эмчийн тасаг, 1940 онд ард түмний хүүхдийг үнэ төлбөргүй сурган хүмүүжүүлэх бага сургууль, 1940 онд улсыг батлан хамгаалах сумын үүр, 1940 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүн эмнэлгийн бага салбар тус тус үйл ажиллагаа эхэлснээр одоогийн төсөвт байгууллагуудын суурь тавигдсан байна. Баянхонгор аймаг байгуулагдахад Говь-Алтай аймгаас Баянцагаан гол сум, Өвөрхангай аймгаас Жинст сумын хоёр багийг нэгтгэн засаг захиргааны зохион байгуулалтад оруулснаар 1942 онд “Баацагаан “ нэртэй сум үүсэн бий болжээ. Баацагаан сум нь анх байгуулагдахдаа 4 бригадтай байгуулагдаж байжээ. 1954 онд ХАА-н “Чойбалсангийн зам”, “Сталинч” нэгдлүүд байгуулагдсан байна. 1959 оны 3 дугаар сараас “Чойбалсангийн зам”, “Сталинч” нэгдлүүд нийлж, “Чойбалсангийн зам” нэгдэл нэрээр хөгжлийн түүхээ үргэлжлүүлсэн бөгөөд нэгдлийн даргаар Даваагийн Тарав ажиллаж байжээ. Д.Тарав нь 1957 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатаар сонгогдож байсан байна. “Чойбалсангийн зам” нэгдэл нь 1969 онд ажлаараа улсад 3-р байрт, 1971 онд улсын тэргүүний нэгдэл, 1973 оны 02 дугаар сарын 27-ны өдөр БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 54 дүгээр ЗАРЛИГААР төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан зэрэг амжилтуудыг гаргаж байжээ.

1991 онд “Чойбалсангийн зам” нэгдэл задарч “Цагаан ээж”, “Их амьдрал” компани болж Баянсайр, Оройнбууц багуудад төвлөрсөн байна. 1992 онд Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдаж, Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг хэрэгжүүлэн ажиллаж, анхны ИТХ-н даргаар Ө.Самбуу, нарийн бичгийн даргаар В.Энхмандахыг сонгож, сумын анхны Засаг даргаар В.Лундааг нэр дэвшүүлж Аймгийн засаг даргаар батлуулан ажиллуулсан байна. 1997 онд Баацагаан сум нь 4 бригадаа хувааж Баянбулаг, Оройн бууц, Буйлсан, Могой, Товгор, Зүүнхаяа, Баянсайр гэсэн 7 багтай болжээ. Баацагаан сум нь 2014 онд сум байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Засаг захиргааны нэгж 7-н багтай бөгөөд “Баянбулаг”, “Оройн бууц” “Буйлсан”, “Могой”, “Товгор”, “Зүүнхаяа” “Баянсайр”, гэсэн 7 багийн нийт 1000 өрх, 3126 хүн амтай. Хүн амынхаа тоогоор Баянхонгор аймгийн 20 сумаас эхнээсээ 7-р, газар нутгийн хэмжээгээр 4-рт ордог хүн амын нягтралаар 4.35 хүн/га ногддог, малын тоо толгойгоор аймагтаа тэргүүлдэг сум юм.

Баянхонгор аймгийн баруун урд хэсэгт: Улаанбаатар хотоос 771 км, Аймгийн төвөөс 141 км зайд байрладаг. Тус сум баруун хойд талаараа Бор үзүүрээс Өндөр овооны Долоон бургас хүртэл, өөрийн аймгийн Бууцагаан, хойд талаараа Өндөр овооны Долоон бургасаас Шар худаг хүртэл Бөмбөгөр, зүүн хойд талаараа Шар худгаас Өтгөнийг хүртэл Баян-Овоо, зүүн талаараа Өтгөний эхээс Эрдэнэ толгой хүртэл Жинст, өмнөд болон баруун өмнөд талаараа Эрдэнэ толгойгоос Бор үзүүр хүртэл Баянцагаан сумдтай хиллэдэг.

Мэдээ оруулсан: 2016-02-20 13:53:27